2024 оны 04 сарын 30
Өндгөвч ажлаа хийхээ болилоо -> эстроген бас түүнийг дагаад явлаа. Эстрогений дутагдалд орсон эмэгтэйн организм мэдээж юу ч болоогүй юм шиг суугаад байхгүй. Түүний эсэргүүцлээ илэрхийлэх гол арга бол эмэгтэйн биед тодорхой шинж тэмдгүүд илрүүлэх .
Бид харин шинж тэмдгүүдийг зүгээр л ерөнхийд нь дурдаад өнгөрөхгүй тус бүрийнх нь талаар дэлгэрэнгүй ярих нь зүйтэй гэж үзлээ. Ингээд хамгийн эхний шинж тэмдэг бол:
- Халуу дүүгэх
Энэ бол хамгийн элбэг тааралддаг, бас хамгийн таагүй гэж хэлж болохоор шинж тэмдэг. Судалгаагаар бол энэхүү шинж тэмдэг нь цэвэршилт явагдаж буй нийт бүсгүйчүүдийн 60-80%-д нь илэрдэг.
Эхлээд нүүр, хүзүү, цээжний дээд хэсгээр гэв гэнэт халуу дүүгэх мэдрэмж төрж байснаа дараа нь энэхүү мэдрэмж маань доошилж бүх биеэр тархана.
Үргэлжлэх хугацаа нь ойролцоогоор 2-4 минут.
(гэхдээ энэ богинохон хугацаа эмэгтэйчүүдэд маань яг л үүрдтэй тэнцэхүйц удаан санагддаг)
Зарим эмэгтэйчүүдэд энэхүү зовуурьтай хамт маш их хөлрөх (бүр усан хулгана болтлоо), дараа нь даарах, чичрэх, бие агзайх шинж тэмдэг илэрдэг ба үүнээс гадна яг халуу дүүгэж байх үеэр эмэгтэйчүүд маань сандрах, тайван бус болох, зүрх савлах, амьсгал давхцах зэрэг шинж тэмдгүүдийг мэдэрч болно.
Харин ямар давтамжтай илрэх нь хүн бүрийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Зарим нь өдөрт 2-3 удаа мэдрээд л болчихдог бол, заримд нь болохоор цаг тутамд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар илэрч болдог гэнэ.
Та бүхэндээ л гэж хэлэхэд халуу дүүгэх шинж тэмдэг нь эмэгтэйчүүдийн амьдралын чанарт маш сөргөөр нөлөөлдөг, уншигдаж байгаа шигээ амархан, харагдаж байгаа шигээ хялбархан зүйл ерөөс биш юм шүү. Хэрвээ таны эргэн тойронд ийм шинж тэмдэгтэй хүн байгаа бол ойлгож, сэтгэл санаагаар дэмжих нь хамгийн чухал зүйл юм байна гэдгийг сайн санаж аваарай.
Дараагийн нийтлэлээр шөнийн хөлрөлт болон нойрны өөрчлөлтийн талаар танилцуулъя.
Түр баяртай, хүндэтгэсэн Cumlaude Lab Mongolia Team