2024 оны 04 сарын 22
Цэвэршилт гэдэг нь эмэгтэй хүний өндгөвч ‘’үүрэгт ажлаа’’ хүлээлгэн өгөх , үр дүнд нь сарын тэмдэг гэх ‘’ажлын хөлсөө’’ авахаа болих үйл явцыг хэлнэ.
Мэдээж өндгөвчний гүйцэтгэдэг үндсэн үүрэг нь өндгөн эс боловсруулах гэдгийг бид бүгдээрээ мэднэ, тийм ээ?
Тэгэхээр цэвэршилтийг эмэгтэй хүний бие организмыг тэнцвэртэй үйл ажиллагаагаар хангахын тулд өдөр, шөнөгүй бүх хүчээ дайчлан ажиллаж байсан өндгөн эсний үйлдвэр маань ‘’ажиллах хүч дутмаг’’ гэх шалтгааны улмаас хаалгаа барьж байгаатай дүйцүүлж болох юм. Энэ нь ихэвчлэн 45-55 насны хооронд тохиох ба хэд хэдэн үе шаттайгаар явагддаг.
- Цэвэршилтийн өмнөх үе
Энэ нь таны сарын тэмдгийн шинж чанар өөрчлөгдөж эхлэх үеийг хэлнэ. Хоорондын хугацаа нь холдож, хоногийн тоо нь цөөрч, хэмжээ нь багасна гэсэн үг. Мөн яг энэ үед эмэгтэйчүүд маань цэвэршилтийн эхний шинж тэмдгүүдийг мэдэрч эхэлдэг.
Үргэлжлэх хугацаа - 4 жил орчим
- Цэвэршилтийн үе
Хамгийн сүүлчийн сарын тэмдэг ирснээс хойш яг 1 жил өнгөрсөн тохиолдолд л ‘’энэ хүн цэвэршлээ’’ гэж хэлж болно.
Хэрвээ таны сарын тэмдэг 10 сар ирэхгүй байж байгаад 11 дэх дээрээ хүрээд ирвэл үүнийг цэвэршилтийн өмнөх үе үргэлжилж байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг.
- Цэвэршилтийн дараах үе
Цэвэршилт нь явагдаад дууссан эмэгтэйн үлдсэн бүх амьдралыг цэвэршилтийн дараах үе гэж нэрлэнэ.
Хэрвээ цэвэршилт 40 наснаас өмнө явагдаж эхлэх юм бол үүнийг ‘’хугацаанаасаа өмнө үүссэн цэвэршилт’’ гэж нэрлэдэг ба ийм тохиолдолд заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай. Өндгөвч маань цаг нь болоогүй байхад ‘’тэтгэвэр’’-тээ гарах ёсгүй учраас тэр юм. Тийм учраас хэрвээ танд, таны найз, эгч, ээж гээд дотны хэн нэгэнд чинь цагаасаа эрт цэвэршилтийн шинж тэмдгүүд (нүүр халуу дүүгэх, хөлрөх, нойргүйдэх, сэтгэл гутралд орох г.м) илрээд эхэлчихсэн бол эмэгтэйчүүдийн эмчид хандахыг зөвлөөрэй.
Харин зовууриуд яг ямар байдлаар, хэрхэн илэрч болдог талаар бүгдээрээ дараагийн нийтлэлээр танилцуулъя.
Түр баяртай, хүндэтгэсэн Cumlaude Lab Mongolia Team